Цэцгэн ээмэг – Яруу найрагч Б.Батрэгзэдмаа

Ээжээс минь үлдсэн энэ бөгжөөр би чамд ээмэг цохиуллаа.
Би чихэнд чинь өөрөө зүүж өгье!
Ингээд чи минийх боллоо.
Ээж маань бас залуу боллоо.
Энэ өдрөөс эхлээд би чамайг хайрлах болно.
Эхдээ зориулж чадаагүй бүхнээ би чамд зориулах болно.
Нууцаар хэзээ ч битгий нулимс унагаарай.
Надад хэлээрэй би нулимсийг чинь арчиж өгөх болно.
Оймсоо урагдсан ч бүү оёоорой.
Оёж суухад нь би ижийгээ өрөвдөж мэддэггүй байлаа.
Үнсэх болно би, үсийг чинь үргэлж илбэн хайрлах болно.
Үүрд гил хар байдаггүй юм билээ.
Эрт босч цай чанаж элдэвийг хийж бүү санаашраарай
Энэ цагаас эхлэн би босч чамд цай чанаж өгнө.
Бүү гайх.
Бүсгүй минь.
Би эхдээ өртэй. Эмэгтэй хүнд өртэй.
Би хийх ёстой бүхнийг хийх цагт нь хийгээгүй.
Хөлөө жийж чи хөнжилдөө цайгаа уу
Хүүхэд шиг чи эрхлэж хүссэнээ надаас нэх би баярлах болно.
Итгэхгүй байгааг чинь би харж байна.
Ингэх ёстой. Чи бол миний боломж.
Хөөрхий ээжийнхээ дэргэд би гял цал зогсоод
Хуучин дээлтэй эх минь хүүгээ харлуулчих вий гээд
Хүмүүсээс зайдуу хулмалзаж явдаг байсан юм байна лээ.
Харин одоо минийх биш ээж таны ээлж.
Хүүхдүүд бүхэн маань таныг бахархал байх болно
Хүрэн зүрхийн би өөрөө хайлуулна.
Эхийн санаа үр, үрийн санаа ууланд явдаг бол
Үрийн санаа эхдээ, эхийн санаа ууланд яваг
Үүнийг би энэ амьдралдаа өөрчлөх болно.
Эмэгтэй хүн, эх хүн жаргаж болохыг
Энэ удаа би ертөнцөд бүтээж үзмээр байна.
Бүсгүй минь цэцгэн ээмгээ тольдон
Бүх эмэгтэйчүүдийн өмнөөс жаргалтай дуу аяла.
Энэ л миний амьдрал байх болно.
Эхийгээ хайрласандаа би гэж өөрийгөө аврах болно.
Чи бол миний боломж
Чин сэтгэлээсээ би чамайг хайрлах болно.

 

Б.Батрэгзэдмаа

 

https://www.facebook.com/Ganbay0r/videos/578898870760036/?idorvanity=671136843633178