АМЬДЫН ХЭЦҮҮ НЬ

Сэтгэл ганцаардаад, нөхөд үгүйлэгдэх
Тэр л хором мөч намайг тамлан тарчлаана
Сэлэм шиг урт, хутга шиг хурц хамт дурсамжууд
Тэнэглэл, ухаарал хоёрыг минь цавчин сийчнэ

Хэлмээр байсан ч хэлж зүрхлээгүй хайрын үгс
Хэтэрхий оройтсон хойно ч зүрхэн голд шатсаар
Хэзээ нэгэн цагт гэсэн сохор хүсэл мөрөөдөл минь
Хэнд ч хэрэггүй мэт өөрийг минь татаж чангаасаар

Үхэх зориггүй амьд яваа өөрийгөө хааяа
Үзэн ядаж, зүхэх мөчүүд хэцүүгээс хэцүү нь
Бурхан минь унтаад чөтгөр минь жавхаажаад
Буруу замаар уруу татах нь хүсээгүй амьдрал минь

Орхиод одохын цагт нь новш болохоо мэдсээр байж
Одоо байгаа ижийнхээ дэргэд байхгүй байгаа минь
Нэг л өдөр намайг цаазлах өршөөлгүй хууль
Нэг мөсөн гуйлгачин болгох асуултгүй зарчим

Гэнэн тэнэг хэт итгэмтгий явна гэдэг нь үнэндээ
Гэтэж буй цөөврийн хялбар хоол болохын үндэс
Гэрэл мэт хүнээрээ үлдэнэ гэдэг хүн цөөн энэ цагт
Грекийн домог шиг итгэхэд бэрх тийм хүнд ачаа аж

Ийм л болохоор би дотроо урагдаж явдаг
Илүүг хүсэлгүй элэг бүтэн жаргалыг хайдаг
Гэрэл түгээдэггүй юм гэхэд үнэнийг зарлах минь
Гэм зэмээ бага ч болов уучлуулахыг хүссэнийх юм

“Ган Үзэгтэн” сэтгүүлч, зохиолч
Пүрэвдоржийн Нарангэрэл
2024.08.18

Leave a Reply