Нүүрс ус багатай хооллолт: юу идэх, юуг хязгаарлах вэ?
(А.Д-д тусгайлан зориулав)
Мах, загас, өндөг, хүнсний ногоо, самар, сүүн бүтээгдэхүүнээ зөв сонгох энгийн гарын авлага
“Нүүрс усаа багасгавал юу идэх вэ?” гэсэн асуултад хариулахад урт хоригийн жагсаалт хэрэггүй. Харин хүнсний чанар, идэх хэмжээ, өдөр тутмын хоолны тэнцвэрийг хамтад нь харах хэрэгтэй.
Нүүрс ус багатай хооллолт нь зарим хүнд цусан дахь глюкоз болон жингээ хянахад тусалж болно. Гэхдээ нүүрс ус агуулсан бүх хүнсийг хасах, эсвэл мах, өөх тосыг хязгааргүй идэх гэсэн үг биш. Хүн бүрд тохирох нүүрс усны хэмжээ өөр бөгөөд бүхэл үр, буурцаг, жимс зэрэг хүнсийг тохирсон порцоор багтаах боломжтой. [1, 2]
Эхлэхийн өмнө: нүүрс ус багатай хооллолт кето дэглэмтэй адил уу?
Заавал адил биш. Кето нь нүүрс усыг илүү хатуу хязгаарладаг хувилбар. Өдөр тутмын хооллолтоо сайжруулахын тулд хүн бүр кето барих шаардлагагүй.
Эхний алхам болгож чихэрлэг ундаа, нэмсэн сахар, амттан, цагаан гурилан бүтээгдэхүүний их порцыг багасгаж болно. Харин хүнсний ногоо, уураг, эслэг, ашигтай тосны эх үүсвэрээ хангалттай үлдээнэ. [1, 2]
Чихрийн шижинтэй бол: нүүрс усаа огцом багасгахаас өмнө эмчтэйгээ сайн ярилцаарай. Инсулин болон зарим сахар бууруулах эм хэрэглэдэг үед глюкоз хэт буурах эрсдэлтэй. SGLT2 бүлгийн эм хэрэглэдэг хүмүүст маш бага нүүрс устай, кето хооллолт кетоацидозын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эмийн тунг өөрөө өөрчилж, инсулинаа зогсоож болохгүй. [3, 4]
1. Мах: төрөлжүүлж, өөх багатай хэсгийг түлхүү сонго
Мах нь уураг, B12 аминдэм, төмөр, цайрын эх үүсвэр. Үхэр, хонь, ямаа, гахай, тахианы махыг хоолондоо багтааж болно.
Сонгохдоо:
– Шинэ эсвэл хөлдөөсөн, боловсруулалт багатай мах ав.
– Өөх багатай хэсгийг түлхүү сонгож, илүүдэл харагдах өөхийг багасга.
– Тахиа, загас, өндөг, ургамлын уурагтай ээлжлүүл.
– Чихэрлэг соус, гурилан бүрхүүл, их тос нэмэхийг хязгаарла.
Махтай хоол идэхдээ байцаа, брокколи, мөөг, чинжүү зэрэг ногооны хэмжээг нэмэгдүүлэхийг хичээ. Нүүрс ус багасгасан гэх шалтгаанаар бүх хоолондоо сүүл, өөх, цөцгийн тос нэмж хэрэглэх шаардлагагүй. [5, 6]
Хиам, бекон, утсан махыг өдөр тутмын үндсэн хүнс болгохоос татгалз. Сахаргүй, эсвэл “мах, давс, амтлагч” гэсэн богино орцтой байлаа ч боловсруулсан махны эрсдэл арилдаггүй. Давслах, утлага хийх, нөөшлөх зэрэг нь өөрөө боловсруулалтын нэг хэлбэр. ДЭМБ-ын ангиллыг зөвхөн нэмэлт бодистой холбон тайлбарлах нь буруу. [7]
Дотор мах: элэг шим тэжээлээр баялаг ч А аминдэм ихтэй. Их хэмжээгээр, ойр ойрхон идэх хэрэггүй; NHS элэг, элгэн бүтээгдэхүүнийг долоо хоногт нэгээс олон удаа хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Жирэмсэн үед элэг, элгэн бүтээгдэхүүнээс зайлсхийнэ. [8]
2. Загас, далайн бүтээгдэхүүн: төрөл ба давсны хэмжээг хар
Яргай, сардин, сельд, Атлантын скумбри зэрэг өөхтэй загас нь уураг, омега-3 тосны хүчлийн эх үүсвэр. Минтай, сагамхай зэрэг цагаан загас ч уургийн сайн сонголт. Заавал үнэтэй, бүтэн загас авах шаардлагагүй, хөлдөөсөн болон лаазалсан загасыг ч ашиглаж болно. [5]
Сонгохдоо:
– Гурилан бүрхүүлгүй, нэмсэн сахар багатай бүтээгдэхүүн ав.
– Лаазалсан загасны давс, тос, нэг порцын хэмжээг шалга.
– Давсалсан, утсан загасыг шинэ эсвэл хөлдөөсөн загаснаас илүү хязгаартай хэрэглэ.
– Шарж түлэхээс илүү жигнэх, чанах, зууханд болгох аргыг ашигла.
Мөнгөн усны хувьд загасны төрөл чухал. Сардин, яргай, минтай, Атлантын скумбри, тилапиа нь FDA-гийн мөнгөн ус багатай сонголтод ордог. Тилапиаг акул, илд загас, king mackerel-тэй нэг ангилалд оруулж болохгүй. Туна ч ялгаатай: лаазалсан light туна, albacore, bigeye тунагийн мөнгөн усны түвшин ижил биш. Жирэмсэн, хөхүүл хүн болон хүүхдэд зориулсан тусгай зөвлөмжийг дагана. [9]
3. Өндөг: хэрэглэхэд хялбар уургийн эх үүсвэр
Өндөг нь уураг, холин (choline – тархи, мэдрэлийн систем, элэгний хэвийн ажиллагаанд хэрэгтэй шим тэжээл) болон бусад шим тэжээл өгдөг. Чанасан өндөг, ногоотой омлет, бага тосонд болгосон өндөг зэрэг нь энгийн сонголт.
Гэхдээ “өдөр бүр 2–4 өндөг хүн бүрд эрсдэлгүй” гэсэн нийтлэг зөвлөмж нь өрөөсгөл. Би хувьдаа өдөрт 2 ширхэгээс илүү хэрэглэхдээ эхний 2 өндгөө шартай нь, бусдынх шарыг иддэггүй. Хэмжээг нийт хооллолт, цусан дахь LDL холестерин, зүрх судасны эрсдэлтэй уялдуулна. Америкийн Зүрхний Нийгэмлэг эрүүл хүн өдөрт нэг бүтэн өндгийг эрүүл хооллолтдоо багтааж болно гэж үздэг бөгөөд чихрийн шижин, өөх тосны солилцооны өөрчлөлттэй хүнд тусгайлан анхаарахыг зөвлөдөг. [10]
Хоёр өндөг холины өдрийн хэрэгцээг бүрэн хангахгүй. Нэг том чанасан өндөг ойролцоогоор 147 мг холин агуулдаг; насанд хүрсэн эмэгтэйд өдөрт 425 мг, эрэгтэйд 550 мг гэсэн хангалттай хэрэглээний хэмжээ тогтоосон байдаг. [11]
Хүнсний аюулгүй байдлыг мөн бодолцоорой. Ялангуяа чихрийн шижинтэй, жирэмсэн, өндөр настай, дархлаа сул хүмүүс өндөгний шар, цагааныг бүрэн болгож хэрэглэх нь чухал. Дутуу болгох жор хэрэглэвэл пастеризаци хийсэн өндөг сонгоно. Ер нь монголд “пастеризаци” хийсэн шошготой өндөг байдаггүй учраас аль болох бүрэн болгож идвэл зүгээр гэж боддог.[12]
4. Хүнсний ногоо: тавагныхаа үндэс болго
Ногоог “хөрсөн дээр” эсвэл “хөрсөн доор” ургадгаар нь хориглох нь оновчгүй. Цардуулын агууламж болон идэх порц нь илүү хэрэгтэй шалгуур.
| Түлхүү сонгох цардуул багатай ногоо |
| Байцаа, брокколи, цэцэгт байцаа |
| Бууцай, салат навч |
| Өргөст хэмх, улаан лооль, чинжүү |
| Хаш, цуккини, мөөг |
| Лууван, сонгино, улаан лууван |
Нүүрс усны порцдоо тооцох цардуултай хүнс |
| Төмс, амтат төмс |
| Эрдэнэ шиш |
| Ногоон вандуй |
| Бусад цардуултай хачир |
* Хэмжээг хоолны төлөвлөгөөндөө тааруулна.
Лууван, сонгино, улаан лууванг үндэслэг ногоо гэдгээр нь хязгаарлах хэрэггүй. Шинэ, хөлдөөсөн, давс багатай лаазалсан ногоог ч “ногооны сонголтонд” багтааж болно. [5, 13]
Өдөр тутам хэрэгжүүлэх санаа: махтай хоолондоо байцаа, мөөг нэмэх; будааны порцын нэг хэсгийг цэцэгт байцаагаар солих; өргөст хэмх, улаан лоолийн салат бэлтгэх.
Кимчи, исгэсэн байцааг хачир болгон хэрэглэж болно. Давс, нэмсэн сахарыг нь шалга. Аль болох өөрөө хийж сурвал эрсдэл багатай. Амьд бичил биетний хэмжээ бүтээгдэхүүн, боловсруулалт, хадгалалтаас хамаардаг тул бүх исгэсэн байцаанд ижил хэмжээний “ашигтай бактери” бий гэж ойлгож болохгүй.
5. Самар, үр: жижиг порцоор хэрэглэ
Хушга, бүйлс (almond), хушны самар, газрын самар, хулууны үр, чиа, маалингын үр зэрэг нь хоолны тавагны бас нэг орц болно. Аль болох давс, сахар нэмээгүй бүтээгдэхүүнийг түлхүү сонго.
Практик порцын жишээ: нэг удаад жижиг атга, ойролцоогоор 25–30 г самар. Энэ нь хүн бүр заавал өдөр бүр идэх ёстой хэмжээ биш! Самар илчлэг ихтэй тул савнаас нь шууд идэхээс илүү порцлон хэрэглэхэд хялбар.
Кешью, газрын самрыг бүх хүнд хориглох шаардлагагүй. Нүүрс усны хэмжээ, харшил, идэх порц, бүтээгдэхүүний чанарыг харгалзана. Самрын нухаш авахдаа нэмсэн сахар болон ханасан өөх ихтэй нэмэлт орц байгаа эсэхийг шалга. [5, 6]
Самар, үрийг “эрүүл” гэсэн шалтгаанаар үндсэн хоол дээрээ хязгааргүй нэмж идэхгүй. Ялангуяа НУБХ дэглэм барьж буй хүмүүс самрыг хооллолт хоорондоо босож суухдаа “хэвэх” хандлагатай байдгыг анхаараарай!
6. Бяслаг, сүүн бүтээгдэхүүн: сахаргүй гэдэг нь нүүрс усгүй гэсэн үг биш
Хатуу бяслаг ихэвчлэн нүүрс ус багатай ч давс, ханасан өөх тос ихтэй байж болно. Бяслагийг хоолны нэмэлт болгон бага порцоор хэрэглэж, өөх тос болон натрийн хэмжээг харьцуулж сонго.
Сахар нэмээгүй тараг, грек тараг, сүү ч хооллолтод багтаж болно. Эдгээрт байгалийн сүүний сахар буюу лактоз байдаг тул нүүрс усны хэмжээнд тооцно. [14]
Шошгон дээр:
– Амт оруулагч сироп, нэмсэн сахар байгаа эсэх;
– Нэг порцод агуулагдах нийт нүүрс ус;
– Уураг, ханасан өөх тос, натрийн хэмжээ;
– Савлагаанд хэдэн порц байгааг шалга.
Аарц, ааруулын найрлага бүтээгдэхүүн бүрд өөр. Сахар нэмсэн эсэх, хуурайшилт, идэх хэмжээ чухал учраас бүгдийг нь “нүүрс усгүй” гэж үзэж болохгүй.
Тосоо хэрхэн сонгох вэ?
Нүүрс ус багатай хооллолтод ч өөх тосны чанар чухал. Олив, канола болон бусад тохирох шингэн ургамлын тос, самар, үр, загаснаас ханаагүй өөх тос авч болно.
Цөцгийн тос, сүүл, гахайн өөхийг үндсэн тос болгох шаардлагагүй. Омега-6 агуулдаг гэсэн ганц шалтгаанаар бүх ургамлын тосыг хортой гэж ангилах нь буруу. Ханасан өөх тосны зарим хэсгийг ханаагүй өөх тосоор солихыг зүрхний эрүүл мэндийн зөвлөмжүүд дэмждэг. [6]
Хүнсээ гурван ангиллаар саная
1. Түлхүү сонгох
| Цардуул багатай олон төрлийн ногоо
| Загас, өөх багатай мах, тахиа, өндөг, дүпү
| Ус, сахаргүй цай
2. Хэмжээг тохируулж хэрэглэх
| Бүхэл үрийн будаа, овьёос, бүхэл үрийн талх
| Буурцаг, төмс, бүхэл жимс, сүү, сахаргүй тараг
| Самар, үр, бяслаг, тос
3. Хязгаарлах |
| Чихэрлэг ундаа, сахар нэмсэн цай, жүүс
| Амттан, их порцтой цэвэршүүлсэн гурилан бүтээгдэхүүн
| Хиам, бекон, утсан мах, давс ихтэй бүтээгдэхүүн
Хоёр дахь хэсгийн хүнс “муу” гэсэн үг биш. Нүүрс ус эсвэл илчлэг ихтэй учраас хэмжээг нь өөрийн хэрэгцээнд тааруулна. [1, 5, 7]
Таваг бүрдүүлэхэд ашиглах энгийн арга
Ерөнхий эхлэл болгон тавагныхаа:
– 1/2 – Талыг нь цардуул багатай ногоо;
– 1/4 – Дөрөвний нэгийг уургийн эх үүсвэр;
– 1/4 – Дөрөвний нэгийг тохирсон порцтой чанартай нүүрс устай хүнсээр бүрдүүлж болно.
Энэ бол чихрийн шижингийн хоол төлөвлөлтийн ерөнхий арга бөгөөд кето төлөвлөгөө биш. Нүүрс усны порцыг хувь хүний зорилго, эмчилгээ, глюкозын хариу урвалд тааруулна. [15]
Хооллолтын зорилго нь удаан хугацаанд хэрэгжих дадал
Тогтвортой хооллолт гэдэг нь олдоцтой хүнсээ зөв хослуулах, порцоо тохируулах, өөрийн биеийн хариу урвалыг хянахыг хэлнэ. Заавал үнэтэй загас, импортын самар, тусгай “кето” бүтээгдэхүүн авах шаардлагагүй.
2-р хэлбэрийн чихрийн шижинтэй зарим хүн жин бууруулж, эмчилгээ болон амьдралын хэв маягаа өөрчилснөөр намжмал байдалд хүрч болно. Гэхдээ энэ нь бүрэн эдгэрсэн, дахин хянуулах шаардлагагүй гэсэн үг биш. Тогтмол хяналт, хүндрэл илрүүлэх үзлэг үргэлжилнэ. [16]
Зөв хооллолтын үр дүнг ганц хүнсээр бус, нийт хоолны чанар, хэмжээ, тогтвортой дадал болон эрүүл мэндийн үзүүлэлтээр үнэлнэ.
—
Эх сурвалж
1. [ADA — Eating Well & Managing Diabetes](https://diabetes.org/food-nutrition/eating-healthy)
2. [ADA — Diabetes Meal Patterns](https://diabetes.org/food-nutrition/eating-for-diabetes-management)
3. [ADA — Glycemic Goals, Hypoglycemia, and Hyperglycemic Crises, 2026](https://doi.org/10.2337/dc26-S006)
4. [ADA — Pharmacologic Approaches to Glycemic Treatment, 2026](https://doi.org/10.2337/dc26-S009)
5. [ADA — Food Groups and Portion Sizes](https://professional.diabetes.org/sites/dpro/files/2024-01/food_groups_and_portion_sizes.pdf)
6. [AHA — Fats in Foods](https://www.heart.org/en/healthy-living/healthy-eating/eat-smart/fats/fats-in-foods)
7. [WHO — Carcinogenicity of Red and Processed Meat](https://www.who.int/news-room/questions-and-answers/item/cancer-carcinogenicity-of-the-consumption-of-red-meat-and-processed-meat)
8. [NHS — Vitamin A](https://www.nhs.uk/conditions/vitamins-and-minerals/vitamin-a/)
9. [FDA — Advice About Eating Fish](https://www.fda.gov/food/consumers/advice-about-eating-fish)
10. [AHA — Dietary Cholesterol and Cardiovascular Risk](https://professional.heart.org/en/science-news/dietary-cholesterol-and-cardiovascular-risk/top-things-to-know)
11. [NIH — Choline Fact Sheet](https://ods.od.nih.gov/factsheets/Choline-HealthProfessional/)
12. [FDA — What You Need to Know About Egg Safety](https://www.fda.gov/food/buy-store-serve-safe-food/what-you-need-know-about-egg-safety)
13. [ADA — Non-starchy Vegetables](https://diabetes.org/food-nutrition/reading-food-labels/non-starchy-vegetables)
14. [ADA — Including Quality Carb Dairy Options](https://diabetesfoodhub.org/blog/including-quality-carb-dairy-options)
15. [ADA — Healthy Eating](https://diabetes.org/sites/dpro/files/2025-06/psoc-your-rights-and-care-standards-v3-online-6-18-25.pdf)
16. [NYC Health — Diabetes Remission](https://www.nyc.gov/assets/doh/downloads/pdf/diabetes/diabetes-remission.pdf)





